Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор сум хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан саналаа өгөх, хэрэгжилдтэнд хяналт тавих эрхтэй.
ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.
Орон нутгийн хөгжлийн НЭГДСЭН сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан ОНХНС болон ОНХС -аас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлалын дагуу тус сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг.
ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг иргэдтэй хамтран төлөвлөж хэрэгжүүлдэг бөгөөд энэ үйл явцад баг, хорооны Засаг даргаас эхлээд баг, хорооны иргэдийн Нийтийн хурал болон бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал хүртэлх бүх шатны байгууллагууд оролцон хамтын шийдвэр гаргадаг.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр доорх арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
Мод, ургамал тарих, цэцэрлэгжүүлэлт хийх
Явган зам, амралт болон хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах
Орон нутгийн дэд бүтцийг сайжруулах
Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт
Гэрэлтүүлгийг хийх, засварлах
Байгаль орчин хамгаалах
Бэлчээрийг хамгаалах
Инженерийн хийцтэй худаг гаргах
Булаг, шандыг хамгаалах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулдаг.